Saturday, August 15, 2009

“Цэцэгхэн”-үүд медалийнхаа тоогоор уралдсаар л...


Монголын хүүхдийн ордноор орох бvртээ авьяаслаг шинэ танилтай болно гэдэгтээ итгэдэг. Энэ удаад ч мeн адил. Хvvхдийн ордны хаалгаар дeнгж шагаймагц л бодлыг минь таасан мэт хоёр хөөрхөн охин зогсож байв. Ягаан хиймэл үс, адил өнгийн цамц, гуталтай. “Ямар гоё охид вэ” гэвэл “Дуундаа тохируулж ингэж хувцасласан юм” гэв. “Ямар дуу дуулдаг юм бэ” гэсэн чинь “Цэцэгхэн” гэдэг хамтлагтай гээд, намайг дагуулсаар өөрсдийнхөө үеийн хоёр банди дээр аваачив. Тэд хамтлагийнх нь гишүүд аж.

“Намайг Цогийн Гантулга гэдэг. Би “Олонлог” сургуульд сурдаг. Таван настайгаасаа дуулж эхэлсэн. Би 14 медальтай. Намайг бэлтгэлээ хийж байтал Ганаа багш маань “Энэ хэдийг хамтлаг болгоё” гэсэн. Тэгээд л бид хамтлаг болсон” гээд “урсгаж” гарлаа.
Гэтэл хажуугийнх нь ганган “залуу” “Намайг Чинбатын Мянганбаяр гэдэг. Нэгдүгээр сургуулийн 1б ангид сурдаг. Би зөндөө олон тэмцээнд орж шагнуулсан. Нийслэлийн математикийн олимпиадад ороод мөнгөн медаль авсан” гэлээ. Ээж нь ярианд оролцож “Миний хүү рекламанд тоглосон, тийм ээ” гэтэл “Үгүй. Би ямар тоглосон юм уу. Жаахан л тоглосон юм. Худлаа хэлсэн болно” хэмээн хэгжүүрхэв.
Харин өөрийгөө найман медальтай гэж танилцуулсан охиныг Мөнхбаярын Марал гэдэг аж. Тэрбээр гурван настайгаасаа дуулж эхэлжээ. 48 дугаар сургуулийн 1а ангид сурдаг. “Дуулахаас өөр юу хийж чаддаг вэ” гэхэд “Уран хөдөлгөөнт гимнастикийн уралдаанаас алтан медаль авсан, бас “Бяцхан мисс” тэмцээнд аварга болсон” гэлээ. Гэтэл багш нь хажуугаас “Бяцхан мисс” тэмцээний тусгай байр” гэж залруулав. “Бүжиглэдэг үү” гэвэл “Би ганцхан бүжиг мэднэ. Казах бүжиг” гэж байна.
“Цэцэгхэн” хамтлагийн дөрөв дэх гишүүнийг Баясгалангийн Хулан гэдэг. Хоёр настайгаасаа дуулж эхэлсэн ба одоо 15 медальтай болжээ. Тэрбээр “Би латин бүжиг бүжиглэх дуртай. “Шувуухай” наадмаас алтан медаль авсан. Удахгүй “Хүмүүс ээ, инээгээрэй” цомгоо гаргах гэж байгаа” гэсэн юм.
“Цэцэгхэн” хамтлагийнхан С.Ганчимэг багшийн шавь нар. Авсан медалиа тоолж уралддаг дөрвөн найз 6-7 настай. Тэд Хүүхдийн ордноос зохион байгуулсан тоглолтуудад оролцохоос гадна “Дэлхийн зөн” ТББ-тай хамтарч буяны тоглолт хийдэг аж.
Бяцхан найзууд маань “Эгч ээ. Ганаа багшдаа баярлалаа гэсэн гэж сониндоо заавал бичээрэй” гэсээр биднийг үдсэн.
Саяхныг хүртэл би “Авьяаслаг америкчууд” тэмцээнийг үзэх гэж орой бүр гэр рүүгээ яардаг байлаа. Дөрвөн настай хэрнээ гайхалтай хоолойтой бяцхан оролцогчийг л үзэх гэж тэр. “Цэцэгхэн” хамтлагийн дуулж бүжиглэхийг хараад “Монгол хүүхдүүд ямар авьяастай юм бэ. Гэтэл бид дэргэдээ байгаа бяцхан оддоо анзааралгүй, холын Америкийн авьяастнуудыг харах гэдэг юм байна шүү дээ” гэж бодогдсон шүү.




Ц.БАТТУЯА (2009-04-28)


No comments: